Метформин Денк 500-г хэрэглэх үед ямар гаж нөлөө үүсч болох вэ?
Ходоод гэдэсний талаас огих, бөөлжих, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, жин алдах, суулгах, аманд металл амтагдах гаж нөлөө түүнийг эхэлж эмчилгээнд хэрэглэж буй тохиолдлын 5-20% орчимд нь илэрдэг байна. Энэ охиолдолд эмчилгээг зогсоох шаардлагагүй, учир нь тэдгээр нь эмчилгээний явцад аажимдаа арилдаг байна. Тунг аажим ихэсгэх явцдаа Метформин Денк 500-г хоолтой хамт хэрэглэх замаар ходоод гэдэсний замын гаж нөлөөний тохиолдлыг багасгаж болдог.
Хааяа толгой өвдөх, толгой эргэх ба ядрамтгай болох гаж нөлөө илэрдэг. Бүр цөөн тохиолдолд арьсны хэт мэдрэгших урвал үүсдэг. Мөн хааяа метформин эмчилгээний явцад судасны болон уушигны үрэвсэл үүсч байсан нь бүртгэгдсэн байна.
Хааяа витамин В12 болон фолийн хүчлийн шимэгдэлт саатаж цусны улаан эсийн тоо цөөрч болно(мегабласт анеми). Иймээс Метформин эмчилгээний үед жил бүр цусны эсийн хэмжээг шинжилгээгээр хянаж байх шаардлагатай. Цусны улаан эсийн өөрчлөлтийг витамин В12 хэрэглэх замаар засч болно.
Метформин Денк 500-г хэрэглэсний улмаас сүүний хүчил ихсэн хэт хүчилжилт үүсвэл (кома г.м.) яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Тунг хэтрүүлэн хэрэглэх болон цээрлэлтэй өвчтөнд хэрэглэвэл сүүний хүчлийн ацидоз үүсдэг. Иймээс түүнийг хэрэглэхийн өмнө цээрлэх нөхцөл байгаа эсэхийг сайтар магадлах шаардлагатай. Сүүний хүчлийн ацидозын шинж нь ходоод гэдэсний замын гаж нөлөөний адилаар илэрдэг. Тухайлбал огих, бөөлжих, ходоод өвдөх г:м Цаашид хүндэрвэл булчин өвдөх таталдаа үүсэх, амьсгал олшрох, ухаан балартах болон хэдхэн цагийн дотор ком үүсч болно.
Метформин эмчилгээний явцад дээрх шинжүүд илэрвэл эм хэрэглэхээ зогсоож эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай. Түүний зэрэгцээ хавсран авах бусад арга хэмжээг ч авч эхлэх хэрэгтэй (эмнэлэгт хэвтүүлж яаралтай тусламж авах).
Энэхүү зааврын хуудсанд заагдаагүй гаж нөлөө илэрвэл эмч болон эм зүйчид хандан зөвлөгөө аваарай.